3.6.20

Христэд итгэгчийн урам хайрласан түүх: Тоглоомын донтолтоос бүрэн ангижрах нь хэцүү асуудал байхаа болилоо

                                                      Яньинь,  Америкийн Нэгдсэн Улс 

  Техник мэргэжлийн сургуульд суралцаж байхдаа би компьютерын шинжлэх ухаанд мэргэшихээр сонгосон юм. Олон хүн интернет тоглоом тоглож байгаа тухай, тэр нь хэчнээн зугаатай, сонирхолтой болохыг, мөн тоглож чаддаггүй хүмүүс цаг үеэсээ хоцорч байгаа гэдгийг сургуульд ороод тун удалгүй ангийнхаа хүүхдээс сонслоо. Ангийнхаа хүүхдийн ингэж ярихыг сонсоод эдгээр тоглоомыг тоглох сонирхол улам нэмэгдэж, сониуч зангаар бялхсан сэтгэлээр тоглоом тоглох замнал маань эхэлсэн билээ.

  Төд удалгүй би интернет тоглоом анх удаа тоглоод, тэдгээрт эзэмдүүллээ. Яагаад гэвэл бодит амьдрал дээр хийж чадахгүй олон зүйлээ эдгээр тоглоом дээр хийж чаддаг байв. Жишээлбэл, машин жолоодож, хүссэн зүгтээ явж чаддаг байсан ба энэ нь гайхалтай санагдаж байлаа. Бас танк, хөлөг онгоц жолоодож, дайснуудтай тулалдаж болдог байсан бөгөөд ялсны дараа тун их амжилтад хүрсэн санагддаг байв. Зүгээр тоглоом тоглож байсан ч, тулаанд ялж байсан ч ихэд таашаадаг байсан юм. Тоглоом тоглохоо болих бүрдээ дайснуудаа хамгийн богино хугацаанд хэрхэн ялж, улам сайн тулааны оноо авах талаар үргэлж боддог байлаа… Ийм маягаар оюун санаа минь яваандаа бүхий л төрлийн тоглоомоор дүүрэв. Өдөр шөнөгүй тэрийгээ бодож, эдгээр тоглоомынхоо нэрийг бүр зүүдэндээ хашхирдаг байлаа.

  Нэг л мэдэхэд интернет тоглоом миний амьдралын гол сэдэв болсон бөгөөд үүнийхээ төлөө солиорч, улайрч байлаа. Компьютерын хичээлд суух болгонд багш индэр дээрээсээ ярьж, харин би доор суугаад ангийнхаа хэдэн хүүхэдтэй хамт нууцаар интернет тоглоом тоглодог байв. Би тоглоомдоо бүрэн автаад, багшийн байгааг ч бүрмөсөн мартдаг байсан юм. Багш надад хэд хэдэн анхааруулга өгсөн боловч би тоолгүй үлдэж, юу ч сонслоо гэсэн хамаагүй бахь байдгаараа л байлаа. Тоглоом шинэчлэгдэх үед би ангийнхантайгаа хамт орой хана давж, интернет кафе ороод бүхэл шөнөжин интернет тоглоомыг улайран тоглодог байв. Амьжиргааны зардалд зориулан сар бүр эцэг эхийнхээ өгдөг 300 юанийг бараг бүгдийг нь интернет тоглоом тоглоход зарцуулдаг байсан юм. Дараа нь би интернет тоглоом тоглохоор явахын тулд чөлөө авах элдэв янзын шалтаг тоочиж эхэллээ. Чөлөө өгөхгүй бол зүгээр л хичээлээ тасалдаг байсан ба даваагаас баасан гарагт өдөр бүр үүрийн 4 цаг хүртэл тоглоом тоглодог байв. Амралтын өдрүүдээр шөнөжингөө тоглодог байсан бөгөөд өдөр нь унтахгүй бол өөрийнхөө чадвар, тулааныхаа оноог яаж сайжруулах тухай боддог байсан юм. Надад суралцах ямар ч бодол байгаагүй ба дүн маань ч илт муудлаа. Заримдаа өөрийнхөө муу дүнг хараад эцэг эхдээ санаа зовж, намайг энэ сургуульд явуулахын тулд мөнгө олохоор шаргуу ажиллах нь тэдний хувьд хэчнээн хэцүү байдгийг бодон, цаг наргүй тоглоом тоглодгоосоо болж хичээл сургуулиа хаяхгүй юм шүү гэж боддог байв. Гэвч тоглоом тоглож эхэлмэгц бүх оюун ухаан маань тоглоомоо яаж сайн тоглох вэ гэдэгтээ бүрэн төвлөрч, гэмших мэдрэмж, эцэг эхээ гэх харуусал бүгд алга болдог байлаа. Би шөнө болгон тэгтлээ удаан хугацаагаар интернет кафед тоглоом тоглож, хэвшсэн дэг журамгүй, дандаа аягатай бэлэн гоймон л иддэг байсан учаас хоол тэжээлийн дутагдалд орж, цусны даралт багатай болж, эрүүл мэнд минь улам бүр муудаж байв. Нэг удаа, сургуулийн биеийн тамирын хичээл дээр тамир тэнхээ муу байснаас болж талбай дээр ухаан алдаж унах шахлаа. Тоглоом тоглох нь эрүүл мэндийг маань сүйтгэж байна, биеийн хөгжилд минь муу, бас хичээл сурлагад минь ихээхэн нөлөөлж байна гэдгийг ухаараад тоглоомоос гарч, тоглохоо болихыг хүссэн хэдий ч эдгээр тоглоомыг хэрхэн тоглох тухай ангийнхныхаа ярилцахыг сонсох бүрд хамт тоглох хүсэл маань ундарч эхлэн, удалгүй дахиад л тоглоомд оролцдог байлаа—би өөрийгөө ердөө хянаж чадахгүй байв! Иймэрхүү нөхцөлд тоглоомын донтолтоос сална гэдэг хэлэхэд амархан ч, хийхэд хэцүү байсан юм. Тиймээс арга мөхөстөн, шаналж байсан ч тоглоомоос ангижрах хүч чадал бас л байсангүй.

  Төгсөөд би шууд ажилд орсон ч тун залхуутай, нэгэн хэвийн ажилдаа ихэд уйдсан тул интернет тоглоомыг бүр ч улангасан тоглож эхэллээ. Сарын цалингаа үндсэндээ тоглоомын хэрэгсэл, интернетийн төлбөрт зарцуулдаг байв. Шөнөжингөө нойргүй тоглоом тоглодог байсан учраас эрч хүч багатай байж, ажилдаа дандаа алдаа гарган, хуруугаа олон удаа машинд зүссэн юм. Нэг удаа өглөө эрт интернет кафе явах замд маань бүлэг хулгайч хутга тулган дээрэмдэж ч байлаа. Тэдэнд цохиулж, өшиглүүлээд би үхэх шахсан юм. Интернет тоглоомд ташуурах нь надад ийм их хор хохирол учруулж байсан ч би үүнд гүнээ татагдсаар байсан бөгөөд үргэлжлүүлэн тоглохоос өөр аргагүй байлаа.

  Тун удалгүй эцэг эх маань намайг хутга тулгуулан дээрэмдүүлсэн тухай олж мэдээд, интернет тоглоомд дахин автахгүй байхыг ахин дахин анхаарууллаа. Тэднийг сонсонгоо би сурч, ажиллаж байх хугацаанд интернет тоглоомоос надад учирсан хор хохирлын тухай, мөн интернетээр танилцсан хүмүүс, ангийн олон хүүхэд, найзуудынхаа талаар бодлоо. Тэдний зарим нь интернет тоглоом маш удаан хугацаанд тоглосноос үүдэн уймраа болж, дараа нь интернет кафед гэнэт нас барсан бол зарим нь эдгээр тоглоомыг тоглох мөнгө олохын тулд хулгай, дээрэм хийж, хууль бус, нүгэлт замаар орсон, зарим нь бүр эргэн тойрныхоо хүмүүсийг мангас гэж бодоод хөнөөсөн байв… Энэ тухай бодоод би бага зэрэг айж, интернет тоглоомд автах нь үнэхээр муу зүйл, энэ нь миний амьдралд огт ашиг тусгүй, харин ч эсрэгээрээ олон муу үр дагавар авчирсан гэдгийг харсан юм. Эдгээр тоглоомыг тоглоод байж болохгүй гэдгийг ухаарсан болохоор би интернет орж, үүнээс гарах зарим нэг арга оллоо. Гэвч болих гэж хэчнээн хичээсэн ч гэлээ донтолт маань сэдрэх болгонд түмэн шоргоолж ясыг минь мэрж, зүрхийг маань маажих мэт болж, би ч тэсэхээ болиод хяналтаа алдан дахиад тоглож эхэлдэг байв. Тоглосныхоо дараа асар их харамсаж, дахин тоглохгүй гэж шийднэ. Гэвч дараагийн удаад бас л өөрийгөө хянаж чаддаггүй байв. Иймээс би асар их шаналж, зовсон бөгөөд интернет тоглоомоос салахад минь хэн нэгэн туслаасай гэж маш их хүсдэг байлаа.

  Нэг өдөр найз маань Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг надад номлосон ба би Бурханы эдгээр үгийг уншсан юм: “Бурханы мөр болон илрэлтийг хэн ч идэвхийлэн эрж хайдаггүй бөгөөд Бурханы халамж, хамгаалалт дор оршихыг хэн ч хүсдэггүй. Харин ч тэд энэ дэлхийд дасаж, хорон муу хүн төрөлхтний дагадаг оршин тогтнолын дүрэмд зохицохын тулд ёрын муу нэгэн болох Сатаны муу нөлөөнд түшиглэхийг хүсдэг. Энэ үед хүний зүрх сэтгэл, сүнс Сатанд өргөл болсон бөгөөд Сатаны хоол хүнс болдог. Үүнээс ч илүүтэйгээр хүний зүрх сэтгэл, сүнс нь Сатаны байнгын оршин суух газар, зүй ёсны тоглоомын газар болсон билээ.”(Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас) “Хүний зүрх сэтгэлд Бурханыг багтаах орон зайгүй ертөнц харанхуй, итгэл найдваргүй агаад хоосон.”( Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас)

   Бурханы үг үнэхээр зүрх сэтгэлд минь хүрлээ. Би энэ дэлхийд амьдарч байсан боловч Бурхан байдгийг хэзээ ч мэдээгүй, Түүнд найдах ёстой гэдгээ бүр ч мэдээгүй юм. Би зүгээр л амьдралын урсгалд эзэмдүүлчхээд юу зөв, юу буруу болох, хүмүүс юу эрэлхийлэх ёстой, юуг үл тоох ёстойг ялгаж салгаж огт чаддаггүй байлаа. Эргэн тойрны минь хүмүүс тоглоом тоглож, тоглоом тоглох нь хэчнээн зугаатай, сайхан тухай ярьж, тоглодоггүй хүмүүс цаг үеэсээ хоцорсон гэж хэлэхийг сонсоод би сониуч зандаа хөтлөгдөн тоглож эхэлсэн. Гэвч дараа нь энэ бүхэн хяналтаас гарч, би өөрийн эрхгүй үүнд татагдан ороод оюун ухаан маань бүхэлдээ үүгээр дүүрсэн бөгөөд хичээл номоо орхигдуулаад зогсохгүй, бүх эрч хүчээ ч бас дэмий үрсэн юм. Энэ нь миний эрүүл мэндэд нөлөөлж, амьдралд минь элдэв янзын золгүй явдал авчирсан бөгөөд интернет тоглоом тоглохоор явах замдаа бүлэг хулгайчид хутга тулгуулан дээрэмдүүлэхдээ бараг амиа алдахаа шахсан. Интернет тоглоом тоглох нь өөрт маань муу гэдгийг мэдээд, болихыг хүссэн боловч юу ч хийлээ гэсэн больж чадаагүй бөгөөд хий хоосон, зовж шаналсан байдалтай амьдарч, харанхуй, арга мөхөс байдлыг мэдэрсэн юм. Бурханы өмнө очоогүй, үнэнийг ойлгоогүй, Сатаны эзэмшилд амьдарч, түүгээр хорлогдож байснаас болж энэ бүхэн тохиолдсон гэдгийг Бурханы үгийг унших үедээ л би ойлгосон билээ. Үүнийг ухаараад, Бурханы аврал надад хэчнээн их хэрэгтэйг мэдэрлээ. Тэгэлгүй өөртөө л найдах юм бол тоглоомын донгоосоо ердөө салж чадахгүй байх байв. Тоглоомын донгоос салахын тулд Бурханыг шүтэн мөргөхөөр өмнө нь очиж, үнэнийг эрэлхийлж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, Бурханд найдах ёстой гэдгээ би мэдлээ. Хожим нь би чуулганд үүргээ идэвхтэйгээр биелүүлж эхэлсэн бөгөөд ах, эгч нартайгаа хамт сайн мэдээг үргэлж түгээдэг байв. Цуглаанд оролцох, ах эгч нартайгаа хамт үүргээ гүйцэтгэх амьдрал надад үнэхээр таалагдан, маш сэтгэл хангалуун, баяр хөөртэй байлаа. Интернет тоглоом тоглоход зарцуулдаг цаг аажмаар багасаж, амьдрал минь улам бүр дэг журамтай болж, сэтгэл санаа, зан араншин маань урьдынхтайгаа харьцуулахад бүхэлдээ асар их сайжирлаа.

No comments:

Post a Comment