20.5.20

Хэрхэн зовлон шаналлаас ангижирч, аз жаргалтай амьдралд хүрэх вэ?

                                                   2018 оны 1 дүгээр сарын 30
                                                                  Шиаопин


   Энэ бол хүмүүс гаднах өнгө үзэмж, бие махбодын харагдах байдалд хэт их анхаардаг болсон цаг үе юм. Сайхан царай, гоолиг биетэй л бол ямар хувцас өмссөнөөсөө үл шалтгаалан би толгой дээгүүр явдаг байв. Гайхалтай сайхан биетэй, царай зүс сайтай болохоор эргэн тойрны маань хүмүүс үргэлж намайг магтаж, надад атаархдаг байсан бөгөөд нөхөр маань ч бас тун сайхан ханддаг байсан юм. Үүнээс болоод би бүр биеэ тоосон байлаа. Хаашаа ч явсан би толгой дээгүүр, нуруу цэх алхана. Бусдын магтаалыг хүртэхийн тулд өөрийгөө харуулдаг байлаа.


   Эмэгтэй хүн гоолиг бие, сайхан царайтай байхад, амьдралаа яаж ч авч авч явж болно гэж би зүрх сэтгэлдээ итгэчихсэн байсан юм.
    Гэвч хүүхэд гаргасныхаа дараа гэнэт би жин нэмж эхэллээ. Яваандаа нөхөр маань надад дургүй болж, чи том гэдэстэй, тарган гуятай юм гэж хэлэх болов. Намайг ус уусан ч жин нэмдэг бөгөөд ямар ч галбиргүй, тарган амьтан гэж зарим хүмүүс битүүхэн егөөдөх болов. Ингэж ярихыг сонсоход надад үнэхээр муухай санагдаж байлаа. Алгадуулсан мэт хацар маань халуун оргино. Өмнө нь гадуур гарахаар гоо үзэсгэлэнг минь магтан шагширдаг байсан хүмүүс одоо бүгд шоолох болжээ. Тэнгэрээс тамд унасан юм шиг л надад санагдаж байв. Энэ эрс ялгаа бардам занг минь ихэд сэвтээж, би дотроо үнэхээр эмзэглэж байлаа. Нэг удаа нөхөртэйгөө дэлгүүрээр явж, их дэлгүүрээс түүнд өмд худалдан авч байв. Хоёр худалдагч миний араар “Энэ залуу их царайлаг бас залуухан юм. Яаж ийм бүдүүн хүүхэнтэй явж байдаг байна аа?” гэж шивнэлдэх нь сонсогдсон юм. Энэ шүүмжлэлийг сонсоод уур маань асар ихээр хүрч, өмдийг нь лангуун дээр чулуудаж хаячихаад гараад явлаа. Би нулимсаа барьж дийлсэнгүй. Одоо үед хүмүүс сайхан царай, аятайхан биеийг л үнэлдэг болж. Эмэгтэй хүн сайхан царай зүс, гоолиг биетэй биш л бол нийгэмд байр суурьтай байх ямар ч аргагүй юм гэж би бодлоо. Ингээд би оюун санаандаа ингэж шийдлээ: Хүүхдээ хөхнөөс нь гармагц турахаар хичээе. Намайг шоолж байсан хүмүүсийг атаархуулж, шарыг нь хөдөлгөх болно! Дараа нь найз маань “Чи ямар махлаг болсноо хараач. Одоо үед олон эрчүүд залуухан нууц амрагтай байх болсон. Чамайг ингээд л таргалаад, жингээ хасахгүй байгаад байвал нөхөр чинь нэг өдөр хуурч, нууц амрагтай болбол яах вэ?” гэв. Ийм зүйл сонсоод, дотор маань улам бачуурч, аюулын харанга мэдрэх боллоо. Бие минь өөрчлөгдөөгүй байхад нөхөр минь хэлсэн бүхнийг биелүүлдэг байсан. Жин нэмсний дараа надад дургүй болсон. Хэрвээ найзын маань хэлснээр болбол аймаар юм болно доо. Би л лав ийм зүйлийг зөвшөөрч чадахгүй гэж би бодлоо. Надад тун түгшүүртэй байв. Тэр үед, нөхөр маань өөр эмэгтэйтэй нийлээд зугтааж байна гэж хүртэл зүүдлэх боллоо. Энэ бүхэн жин хаях туйлын чухал гэдгийг улам бүр мэдрүүлэх болсон юм. Хүүхдээ бор хоолонд ормогц би богино хугацаанд үр дүнтэйгээр турах аргыг танилуудаасаа болон интернетээс хайв. Тураах чиглэлийн мэргэжилтнээс хүртэл зөвлөгөө авсан бөгөөд тэр “Хэрвээ чи гоолиг биетэй болмоор байвал, төлөөс төлөх хэрэгтэй. Чам шиг, нөхөртэй хүүхнүүд байнга жингээ хянаж байх хэрэгтэй. Чи харин ч залуу байна. Хөгширсөн хойноо жин хаях гэвэл оройтсон байх болно. Чиний бие галбир бол өөртөө итгэх итгэл чинь. Гоолиг бие бялдартай болж байж л нөхрийнхөө зүрх сэтгэлийг татах болно шүү дээ” гэсэн юм. Түүний зөв байлаа! Эмэгтэй хүн төгс бие галбиртай байж л өөртөө бүрэн итгэлтэй болж, бусдын оюун санаан дахь дүр төрхөө сэргээж чадах юм. Ингээд би эргэлзэлгүйгээр жин хаях төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, турах “нууц жор” хайж эхэлсэн билээ.
   Нэг удаа эмэгтэй дүү маань хөрш нь нэг тураах эм уугаад сард 15 кг турсан гэж надад хэлэв. Үүнийг сонссон миний сэтгэл хөөрч, дүүгээрээ судлуулаад хэдэн хайрцгийг олж авлаа. Дүү минь, “Эгч ээ, эм бүр гаж нөлөөтэй байдаг шүү. Биед чинь нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Болгоомжтой байх хэрэгтэй шүү ” гэлээ. Үүнийг сонсоод бага зэрэг санаа зовсон юм. Биед минь муу нөлөө үзүүлэх гаж нөлөөтэй байж магадгүй гэхээс би айв. Гэвч би ингэж бодлоо: Галбир маань сайхан байхад нөхөр болон эргэн тойрны хүмүүс бүгд л намайг магтаж, атаархдаг байсан. Гэвч галбир маань алдагдаад ирэхэд егөөдөл, доог тохуу, доромжлолтой л би нүүр тулсан. Энэ хоёрын хооронд маш их ялгаа бий. Болгоомжлолоо зүгээр л хаячихъя. Энэ эмийг уух нь биед маань аюултай эсэхийг ч би тоохгүй. Турж л байвал өөр юу ч чухал биш. Ингээд би жин хасах эмийг ууж эхэллээ. Ер нь бол өдөрт нэгийг уух ёстой байхад би үр дүнд түргэн хүрэхийн тулд тунг нь нэмэгдүүлсэн юм. Эмийн өдөөгч чанараас болоод би шөнөдөө зөвхөн хоёроос гурван цаг л унтаж чадаж байлаа. Толгой эргэж, нүд өвдөж, зүрх маань дэлсэж эхэллээ. Би бас өдөр бүр зохистой хооллохоо больж, өргөст хэмх, улаан лооль, шийгуа зэрэг өөх тос бууруулах янз бүрийн жимс, ногоо л идэж байв. Сард хоёр удаа л дан гоймон идэж байлаа. Нойр, хоол тэжээл надад дутагдаж байсан учраас би цочролд оров. Дэглэм барьсны дараа урьдын гоолиг биеэ олж авч чадах байсан болохоор зовох юу ч биш мэт санагдсан юм. Шийдэмгий байдал амжилтад хүргэдэг. Хэсэг хугацааны дараа найзынхаа өгсөн гоёмсог даашинзыг би өдөр бүр өмсөж үздэг болов. Эхлээд зөвхөн толгойн хэсэг л ордог байсан бол эцэст нь чөлөөтэй таардаг болов. Хашаанд жаргалтай нь аргагүй зогсож, өөрөөрөө бахархаж байтал гэнэт толгой эргэж, ухаан алдаж уналаа. Үүнийг харсан нөхөр маань “Сайхан болох гээд амьдралаа алдах нь ээ!” гэж ууртайгаар хэлсэн юм. Гэвч би тэр үгийг тоосонгүй. Ямартай ч би одоо турсан. Өнгөрсөн саруудад дэмий зовсонгүй. Дараа нь би зориуд гоё даашинз өмсөж, гудамжинд гардаг болов. Саяхан л биеийн жинг маань шоолж, тохуурхдаг байсан хүмүүст гоолиг биеэ харуулахыг хүсэж байлаа. Хөршүүд маань хараад мэдээж гайхсан. “Хөөх! Чи яаж ийм хурдан турав аа? Жингээ хасах чинь үнэхээр амжилттай болсон байна шүү!” Тэд дахиад намайг атаархаж, жөтөөрхсөн харцаар харсан юм. Энэ үед нөхөр маань урьдын адил егөөдсөн зүйл хэлэхээ больж, надад хандах хандлага нь дээрдсэн юм. Тэр бүр над руу инээмсэглэж, “Туранхай байхаараа чи хамаагүй дээр харагдах юм!” гэв. Эдгээр үгийг сонсоод бардам зан маань дахин ханамжтай болов. Жин хаях хүсэл маань улам нэмэгдлээ. Хар тамхинд орох мэт улам донтож, хүссэн ч зогсоож чадахаа больсон юм. Бие маань хангалттай төгс болж чадаагүй мэт санагдсанаас би дахиад нэг хайрцаг тураах эм авлаа. Хүссэн жиндээ хүртэл турах үед, зовлон дагасаар байна гэж би хэзээ ч бодоогүй юм.
   Нэг өглөө сэрээд бие төдийгүй, толгой, чихэн дээгүүр минь олон жижиг улаан толбо туурсан байхыг харлаа. Ээжтэйгээ хамт шууд эмнэлэгт очиж үзүүлэв. Эмч намайг арьсны ужиг өвчин буюу хайрст үлдтэй болсон байна гэж хэлсэн юм. Бүрэн эмчлэгдэх боломжгүй бөгөөд эм ууж энэ өвчнийг чадахаараа хяналтдаа байлгаж болох юм. Шалтгаан нь миний дархлаа суларч, өвчин эсэргүүцэх чадвар байхгүй болсон бөгөөд бие дэх хор гадагшилж чадахгүй цусанд хуралдсан байлаа. Гоолиг биеэр хөөцөлдөж байхдаа, хэн бүхнийг өөрөөсөө холдуулах өвчин авчихна гэж би даанч төсөөлсөнгүй. Энэ бол хэтэрхий өндөр төлөөс байлаа. Сүүлд нь улаавтар толбо толгойноос хөл хүртэл туурав. Нөхөр минь ч намайг жигшиж, зайгаа барилаа. Түүнээс гадна шоолуулахаас айгаад би гарч ч зүрхэлсэнгүй. Дотроо маш ихээр шаналж, өдөр бүр би уйлдаг байлаа. Биеэ гайхуулах гэж би жин хаяхаар хичээсэн боловч гайхуулж чадаагүйгээр барахгүй өөртөө гай авчирсан. Бусад хүмүүс богино цамц, өмд өмсөж байхад бүх биеэр маань туурсан толбоо нуухаар би зузаан хувцсаар биеэ ороодог байв. Хэчнээн харамссан ч, юм болдгоороо л болж, буцаах арга байсангүй. Арьсны асуудлыг маань эмчлэх эмч газар сайгүй эрэхээс өөр арга надад байгаагүй. Гэвч уусан эм болгон, уг өвчнийг хэсэг зуур л намдаах боловч үндсээр нь эмчилж чадаагүй. Намайг үүнээс ч илүү зовоосон зүйл бол тураах эмнээс хамааралтай болсон явдал байлаа. Өвчнөөсөө болж тураах эм уухаа больсноос хойш би буцаад маш хурдан таргалав. Хүмүүсийн доромжлол, үл тоомсорлол, гэр бүлийнхний минь дургүйцэл намайг стресст оруулж, амиа хорлох тухай ч боддог болсон юм. Би үргэлж төгс бие галбираар хөөцөлдөж, жин хаяснаар хувь заяагаа өөрчлөхийг хүсэж байсан ч тураагүйгээр үл барам өвчтэй болж, өөртөө маш их гай авчирсан билээ. Ялангуяа, эргэн тойрны минь хүмүүс жин хассанаас болж нойргүйдэл, зүрхний өвчин, хоолны дуршил алдагдах өвчтэй болж, зарим нь бүр ходоодны хорт хавдартай болж, гоо сайхны төлөөсийг амьдралаараа төлсөн юм. Энэ бүхэн намайг яахаа мэдэхгүй болгож орхив. Би үүнийг юуны төлөө хийв? Хүмүүст магтуулахын л төлөө юу? Биеэ ингэтлээ гэмтээх хэмжээнд очих шаардлага байсан уу?

No comments:

Post a Comment