10.5.20

Хувь заяатайгаа тэмцсэн тэр өдрүүдтэйгээ салах ёс хийсэн нь

                                                          2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр


                                                                              Ишин



 Хоцрогдсон хөдөөний тосгон, ажлаасаа болоод эцтэлээ ядарсан аав ээж хоёр, мөнгөний гачигдалтай амьдрал … энэ бараан дурсамжууд бага залуу насны минь оюун ухаанд хадагдаж, эдгээр нь “хувь заяа”-ны тухай миний анхны сэтгэгдэл байлаа. Сургуульд орсны дараа багш “Чиний хувь заяа чиний л гарт бий” гэж хэлэхийг анх сонсоод тэр үгийг оюун ухаандаа бат бөх хадгалсан юм. Ядуу төрснөө өөрчилж чадахгүй ч гэлээ хичээл зүтгэлээрээ өөрийн хувь заяаг өөрчлөх боломжтой гэж би итгэж байлаа. Ингээд би “хувь заяа”-тайгаа тэмцэхийн тулд бүх хүчээ дайчлан хичээж хэсэгхэн ч болов өөрийн гэсэн диваажинг олж авсан.

Дунд сургуулиа төгсөж амжаагүй миний нас бага байсан ч хүсэл тэмүүлэл дүүрэн байсан юм. Сургуулиа төгсөж чадаагүй ч гэлээ мөнгө олохын тулд түр ажилд орно гэж даруйхан шийдэв. Хичээл зүтгэлээр хувь заяагаа өөрчлөх боломжтой гэж би итгэж байлаа. Нэг их удалгүй хамаатныхаа хүний танилцуулснаар нэхмэлийн үйлдвэрт ажиллахаар хот руу явлаа. Илүү их мөнгө олохын тулд би хэр чадлаараа зүтгэн ажиллав. Бусад ажилчин 2 машин хариуцаж байхад би 4 машин хариуцаж, бусад хүн ажлаа завсарлаж байхад би үргэлжлүүлэн ажилладаг байв. Дарга намайг итгэлтэй, чадвартай гэж үзсэн тул 5 сарын дотор миний цалинг удаан ажилласан ажилтнуудынхтай адил болгож нэмсэн юм. Хамт ажилладаг хүмүүс бүгдээрээ намайг атаархсан харцаар хардаг байлаа.


Үе үеийн, тоо томшгүй олон сурагчийн нэгэн адил, сайн сурч, дээд сургуульд орох шийдвэр маань хувь заяагаа өөрчлөх эхний алхам байв. Үүний тулд би шаргуу суралцлаа. Хичээлээ анхааралтай сонсож, хичээлээс гадуур бол бусад хүүхдүүд гадаа тоглож байхад би хичээлээ хийсэн хэвээр, шөнө дүлээр хичээл номдоо автсаар байдаг байв. Хичээнгүйлэн суралцсаны ачаар би дүнгээрээ байнга тэргүүлдэг байлаа. Багш эсвэл ангийнхан маань намайг бахдаж биширсэн харцаар харах бүрд “Би энэ дэлхий дээр өөрийн гэсэн байх газраа олохын тулд хоёр гартаа л найдах хэрэгтэй” гэсэн итгэл үнэмшил маань улам батаждаг байв. Гэхдээ хорвоогийн хэрэг явдлыг урьдаас таах аргагүй. Эдгээр сайхан хүсэлдээ хүрэхээр тэмүүлэх зуур аавын маань бие гэнэт өвдөв. Шинжилгээ өгтөл элэгний хатууралтай гэж гарсан бөгөөд дунд шатандаа аль хэдийнээ орчихсон байлаа. Өвчнөөсөө болоод аавын бие бүх хэсгээрээ хавдаад, ажилдаа явж чадахгүй болсноос гадна эмчид үзүүлэхийн тулд их мөнгө зарцуулахаас өөр аргагүй болов. Гэрийн бүх ажлаас гадна, 3 акр гаруй газар тариалангийн ажил тэр хэсэг хугацаанд ээжийн нуруун дээр ирсний дээр, ээж маань эмэгтэйчүүдийн хүнд өвчин туссан байлаа. Нэг өдөр аав маань уйтгар гунигт дарагдан байж надад ингэж хэлэв: “Охин минь, манай гэр бүл одоо бүхэлдээ ээжээс чинь хамааралтай байна. Ачаа нь маш хүнд байгаа. Дөрвөн хүүхдийг нэг жил сургуульд сургахад маш их мөнгө орж байна. Та нарыг бүгдийг нь сургуульд явуулах арга үнэндээ алга. Чи бол хамгийн том нь, тиймээс дүү нараа бодох хэрэгтэй. Чи сургуулиа орхисноор дүү нартаа энэ боломжийг олгож болохгүй гэж үү?” Аавын үгийг сонсоод миний сэтгэл маш их өвдлөө: Би хичээн суралцаад онцгой хүн болно гэж байнга итгэж найддаг байсан, гэтэл аавынхаа хүсэлд нийцүүлж сургуулиасаа гарах юм бол миний бүх хэтийн ирээдүй, найдвар нэгмөсөн тэр дороо замхран алга болохгүй гэж үү?! Нүдийг минь нулимс бүрхээд сэтгэлд минь гуниг хурах нь мэдрэгдлээ. Аав минь энэ үгийг хэлэхээсээ өмнө нэлээд удаан эргэцүүлж бодсоныг би мэдэж байсны дээр, өвчтэй эхээ хараад түүнд хүнд ачаа, дарамт үүрүүлж түвдээгүй юм. Гэр бүлийнхээ санхүүгийн гачигдалтай нүүр тулсан надад өөр сонголт үлдээгүй тул нөхцөл байдалд буулт хийж, аавынхаа хүслийг дагангаа нулимсаа тэвчсэн билээ.
Тэр жил би амжилтаараа бахархаж, үргэлжлүүлэн шаргуу ажиллахыг хүсэж байтал ээж эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы сайн мэдээг надад түгээв. Бурхан бүгдийг захирч, зохицуулдаг, хүн бүрийн хувь заяа Бурханы гарт байдаг гэж ээж минь хэлсэн ч миний бардам, биеэ тоосон оюун ухаанд “Чиний хувь заяа чиний л гарч бий” гэсэн итгэл үнэмшил л байсан тул ээжийнхээ үгийг би ердөө сонсоогүй юм. Энэ хэрэг явдлаар Бурханы авралтай товчхон ч болов учирсан ч гэлээ, ээжийнхээ түгээсэн сайн мэдээг би хүлээж аваагүй, харин ч хорвоо ертөнцтэй үргэлжлүүлэн тэмцэлдсэн юм.
Ийм байдалтай хэдэн жил явсаар амьдрал ахуй маань тогтворжиж эхлэв. Өөрийн гэсэн багахан хадгаламжтай болсноос гадна гэрийнхэндээ ч бас хэсэгхэнийг тогтмол илүүчилж өгөхтэйгөө болов. Шаргуу ажилласаар байх юм бол хэмжээ хязгааргүй, гэрэл гэгээтэй хэтийн ирээдүй байсаар байх юм шиг надад санагдлаа. Эд баялаг, бие махбодын таашаалын давлагаан дунд төөрч байх тэр үед гэнэтийн автомашины осол миний амьдралын бүх төлөвлөгөөг бут ниргэсэн юм. Би 3 өдөр, 3 шөнө эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтсэн бөгөөд сэрсэн хойноо юу ч хэлж чадахгүй байв. Яг л хэлгүй хүн шиг болсон байлаа. Эмч намайг орноос маань босгож, хэсэг зуур хөдөлгөх үед л ноцтой гэмтлийн улмаас биеийн минь зүүн хэсэг огт мэдээгүй болсныг ойлгосон. Бодит байдлыг хүлээн зөвшөөрөх ямар ч аргагүй байлаа. Би дөнгөж 20 настай байв! Одоогоос эхлээд байнга ийм байдалтай, хэвтрийн хүн болчихвол сайхан залуу нас минь сүйрэхгүй гэж үү дээ? Миний сайхан амьдрал эхлээ ч үгүй байсан, үнэхээр ингээд төгсгөл нь ирчихлээ гэж үү? Миний сэтгэл гутарч, зүрх шимширч байв, уйлмаар байсан ч нулимс урсгасангүй, ирээдүйтэй хэрхэн нүүр тулахаа ч мэдэхгүй байлаа… Тэр үед ээж маань намайг тайтгаруулахаар ирсэн юм. “Охин минь, Бурхан хамгаалсан болохоор чи ухаан орсон юм шүү дээ! Чи ойлгохгүй байна гэж үү? Сэрж ухаан орлоо ч гэсэн мэдээгүй байх болно гэж эмч хэлж байсан. Аав бид хоёр чинь үүнийг сонсоод маш их шаналсан. Сүүлийн хэдэн өдөр би Бурханд байнга залбирч, чамайг Бурханы гарт өгч, Бурханы дээд эрхэд захирагдахыг хүсэж байлаа. Бурханд талархъя! Хар л даа, одоо чи ингээд сэрчихсэн байна. Энэ бол Бурхан чамайг өрөвдсөнийх. Машины осол чамд тохиолдсон нь Бурханы нигүүлсэнгүй хүсэл юм! Хэдий бид бие махбодын өвдөлтөөс болж зовж шаналсан ч ийм нөхцөл байдалтай нүүр тулснаар хорвоо дэлхийгээс холдож, Бурханы зүг хандах боломжтой болдоггүй гэж үү? Охин минь, чи надтай цуг Бурханд одоо шууд итгэж эхлэх хэрэгтэй!” гэж ээж хэллээ. Сайн мэдээг надад түгээх зуураа нулимсаа тэвчих ээжийгээ хараад эцэст нь миний сэтгэл хөдөлсөн юм. Намайг ухаангүй байх хооронд Бурханд байнга залбирч байсан тухайгаа ээж надад ярьсан. Намайг сэрсэн ч бай, үгүй ч бай, аль ч тохиолдолд ээж маань Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдахыг хүсэж байжээ. Намайг үнэндээ ухаан орно гэж найдаж хүлээгээгүй гэнэ. Энэ бүхнийг сонсож байх үедээ Бурхан үнэхээр агуу болохыг мэдэрсэн! Бурханы авралаас татгалзсан гээд Тэр намайг хаяагүй байж. Гай зовлон над дээр ирэх үед Түүний хамгаалалт миний дэргэд байжээ. Тэр намайг өрөвдөж, хамгаалан үхлээс аварчээ. Би Бурханд бага зэрэг талархаж эхлэхгүй байж чадсангүй. Бурханы халамж, хамгаалалтаас болж миний бие маш хурдан тэнхэрч, төлөвлөсөн хугацаанаас нэг сарын өмнө би эмнэлгээс гарсан юм.
Бурханы хайр, өршөөлийг эдэлсэн ч гэлээ Бурханд итгэхийн жинхэнэ ач холбогдлыг би ойлгоогүй хэвээр байсан тул Бурхан итгэх итгэлдээ тэгтлээ ноцтой хандаагүй юм. Бие маань тэнхэрсний дараа ээж, амьжиргаагаа залгуулахын тулд гэртэй ойрхон ажил олох хэрэгтэй гэж зөвлөсөн бөгөөд завтай цагаа Бурханд итгэх итгэлээ дадлагажуулахад зарцуулаасай гэж ээж итгэж найдаж байв. Гэвч би ийм байдалтай амьдрахыг хүсэхгүй байлаа. Хөлөө бүрэн эдгэж дуустал нь хүлээж байгаад түр ажилд орохоор огт эргэлзэлгүйгээр гэрээсээ явсан юм. Ажил дээрээ нэг залуутай танилцаж, хэсэг хугацаанд болзсоны дараа бүх насаараа намайг хайрлана гэж тэр амлаад надад гэрлэх санал тавив. Энэ жилүүдэд хичээл, сургуульд минь хэрхэн саад учирч, машины ослоос болоод бас хэрхэн зовж шаналсан, мөн энэ бүх хичээл зүтгэлийн дараа хувь заяагаа өөрчилж чадахгүй хэвээр байгаа тухайгаа би эргэцүүлж бодлоо. Тиймээс энэ удаа би хувь заяагаа өөрчлөх итгэл найдвараа энэ гэрлэлтэд даатгасан юм. Бүх насаар минь намайг хайрлах амлалт өгч буй хүнтэй гэрлэх юм бол үлдсэн амьдрал маань баяр хөөртэй, жаргалтай байх нь гарцаагүй. Сайхан амьдралын тухай энэ төсөөллөө тээсээр би хуримын ордонд очсон. Гэтэл гэрлэсний дараа байдал миний төсөөлж байснаас огт өөр байлаа. Нөхөр маань аар саар зүйлээс болж надтай байнга хэрэлдэж, хадам ээж ч надад хүйтэн хөндий хандахын дээр нөхөр бид хоёрын дундах хэрүүлийг хүртэл эхлүүлдэг байв… Тайтгаруулах нэг ч хүнгүйгээр би ийм зовлонтой амьдарч байлаа. Дээр нь миний гэрлэсэн хүн хол амьдардаг байсан тул сэтгэлээ нээж ярилцах хүн ойр тойронд байгаагүй. Арга мөхөстсөн энэ мэдрэмж дор миний хийж чадах зүйл бол дахиж яваад түр ажил хайж олох байсан юм. Нөхөр бид хоёр өөр өөр газар амьдардгаас болоод нэг их удалгүй танихгүй хүмүүс шиг болсон байлаа. Таван жил болсны эцэст нөхөр маань илүү их таалагддаг өөр эмэгтэйтэй аль хэдийнээ учирснаа надад хэлэн, салах тухай яриаг сөхлөө. Түүнийг ийм зүйл ярих үед миний оюун санаа бүрмөсөн хоосрох шиг болж “Одоо яах вэ? Салсан эмэгтэй хагас үхлүүт байхтай адил гэж бүгд ярьдаг. Үлдсэн амьдралдаа яаж амьдарна даа?” гэж би бодсон юм. Салах бичиг баримтад гарын үсгээ зурчихаад төрхөмдөө буцахаар галт тэргэнд ачаагаа авч орсон хойноо би биеэ барьж чадалгүй уйлж эхэллээ. Энэ хорвоо дээр амьдрахдаа хүмүүсийн туулдаг зовлон шаналлыг би гүнээ мэдэрсэн бөгөөд тэр дундаа урьд хожид мэдрээгүй ганцаардлыг бүр ч их мэдэрсэн юм. Хорвоо дэлхий уудам боловч байж суух газар надад олдохгүй байлаа. Би нэлээд их гутарлаа. Энэ бүхнийг эцэс болгохын тулд амиа егүүтгэхийг үнэхээр их хүссэн. Гэвч өдөр хоногоор өтөлж буй аав ээжийгээ бодоод би дотроо эргэлзсэн юм: Намайг үхчихвэл аав, ээж хоёр минь уй гашуугаасаа болоод яах бол! Үүнийг бодож цөхөх зүйлгүй. Би ийм байдлаар үхэж болохгүй. Нулимсаа арчаад, сэтгэлээ хатамжлан, цааш амьдрах ёстой.

No comments:

Post a Comment