Соломон хааны тухай библийн тэмдэглэлээр бол, тэрээр Бурханаас агуу ерөөл хүртэж, бүхий л түүхэн дэх хамгийн ухаалаг хаан болжээ. Түүнийг хаанчлах үеэр Израиль урьд өмнө байгаагүй хөгжил цэцэглэлтэд хүрч, мандан бадарлаа. Гэвч Соломон хаан доройтон гажуудсанаар Ехова Бурханы уур хилэнд өртөж, Бурханы гололт, яллалтыг амссан юм. Түүнийг насан эцэслэсний дараа Израиль задарчээ. Тэгвэл бид Соломонд хандах хоёр өөр хандлагаас нь Бурханы зан чанарыг хэрхэн мэдэх ёстой вэ? Өөрийнхөө ямар хүслийг Бурхан бидэнд дамжуулж байна вэ? Соломоны түүхийг хамтдаа судалцгаая.
Өөрийнх нь хүслийг үнэн сэтгэлээсээ авч үздэг хүмүүсийг Бурхан ерөөж, өршөөдөг
Өөрийнх нь хүслийг үнэн сэтгэлээсээ авч үзсэн хүмүүсийг Ехова Бурхан онцгойлон нигүүлсэж, ерөөсөн гэдгийг бид Соломонд өгсөн амлалтаас нь харж болно. Өөрт нь материаллаг эд баялаг өгөхийг, эсвэл урт нас хайрлахыг Соломон Бурханаас гуйгаагүй, харин ард түмнээ илүү сайн засаглаж, Бурханыг шүтэн мөргөхөд нь хөтлөх мэргэн ухаан өгөхийг гуйсан билээ. Соломоны хүсэлтэд аминч зан байгаагүй, хувийн ашиг сонирхлын хольц байгаагүй. Бурханыг анхаарч, Түүний хүсэлд нийцэж, израильчуудыг сайн засаглахын төлөө л байсан—энэ нь Бурханд баяр хөөр авчирсан юм. Соломоны хаанчлалын дөрөв дэх жилд тэрээр Еховад зориулан сүм барьж эхэлсэн нь дуустлаа нийт долоон жил хагас болжээ. Соломоны үйлдлүүд Бурханы хүслийн дагуу байсан учраас Бурхан түүнийг ихэд ерөөсөн юм. Тэр түүнд ямар ч хааны эзэмшиж байгаагүй хамгийн мэргэн ухааныг хайрлаад зогсохгүй, амьдрах хугацаанд нь газар дээр байсан өөр ямар ч хааныхтай зүйрлэшгүй, тоо томшгүй их эд баялаг өгчээ.
Өөрийнх нь зан чанарт халддаг хүмүүсийг Бурхан голж, хараадаг
Ехова Бурхан Өөрийн гаргасан Арван Тушаалд ингэж хэлжээ: “Чи Миний өмнө өөр ямар ч бурхадтай байж болохгүй. … Чи тэдэнд мөргөж, тэдэнд үйлчилж болохгүй: учир нь чиний Бурхан Ехова Би бол хартай Бурхан” (Дэд хууль 5:7,9). Тухайн үед Мосе израильчуудад: “Чи тэдэнтэй бүү гэрлэ; охиноо ч тэдний хөвгүүнд бүү өг, тэдний охиныг ч бэрээ бүү болго. Учир нь тэд хүүг чинь Намайг дагадаггүй болгож, тэд өөр бурхдад үйлчилж магадгүй: тэгвэл Еховагийн уур та нарын эсрэг дүрэлзэж, та нарыг даруйхан устгана.” (Дэд хууль 7:3-4) гэж хэлсэн юм. Ехова Бурхан бас Соломонд харагдаж, түүнд ийнхүү биечлэн захижээ: “Харин чи болон хөвгүүд чинь Намайг дагахаас татгалзаж, өмнө чинь тавьсан Миний тушаал, журмуудыг мөрдөлгүй, явж өөр бурхдад үйлчилж, мөргөвөл Би өгсөн газар нутгаасаа Израилийг тасална…” (1 Хаад 9:6-7).
Бурхан израильчуудыг Харь үндэстнүүдтэй гэрлэхийг хориглон, өөр Бурхдад үйлчилж, сөгдөхийг бүр ч хатуу хориглосон юм. Тэр нь Бурханы зан чанарт халдсан ба Түүний хараал зүхэл, шийтгэлд өртөх байв. Гэвч Соломон Бурханы зан чанарыг мэдсэнгүй, мөн Бурханыг хүндлэх зүрх сэтгэл түүнд байсангүй. Тэр Бурханы тушаал болон хуулийг чихнийхээ хажуугаар өнгөрөөжээ; өөртөө зориулж 13 жилийн турш барьсан тансаг өргөө түүнд байсан бөгөөд мянга гаруй эхнэр, татвар эмтэй байв. Тэрээр махан биеийн зугаа цэнгэлийг зогсолтгүй эдэлж, тэр ч бүү хэл Харь үндэстний эмэгтэйчүүдтэй хамт шүтээн шүтдэг байсан юм; бас Иерусалимын эсрэг талын уулын оройд мөргөлийн өндөрлөг босгожээ. Соломоны хийсэн эдгээр зүйл Бурханы тушаалыг ноцтой зөрчиж, Бурханы зан чанарт халдсан юм. Ехова Бурханы анхааруулга ирэхэд ч Соломон бас л нухацтайгаар авч үзэж чадалгүй, идэж уух садар самуун амьдралаа үргэлжлүүлж, нүгэлд улам гүн живжээ. Энэ нь Бурханы зэвүүцлийг өдөөж, уур хилэнгээ ийнхүү илэрхийлэхэд Түүнийг хүргэв: “Чи үүнийг үйлдэж, Миний чамд тушаасан гэрээ болон журмуудыг сахиагүй учир Би чамаас хаанчлалыг гарцаагүй таслан авч, зарцад чинь өгнө” (1 Хаад 11:11).
Бурханы зан чанар өршөөл, хайрыг агуулаад зогсохгүй, ялангуяа сүр жавхлан, уур хилэнг агуулдаг
Соломоны түүх биднийг сэрээх дуудлага байгаад зогсохгүй Бурханы зан чанарын талаарх бидний тодорхойлолтыг өөрчилдөг. Бидний итгэдэг Бурхан бол зөвт бөгөөд Тэр бидний төсөөлдөгтэй адил, хайр, өршөөл дүүрэн байдаг юм биш, бас биднийг яаж ч нүгэл үйлдэж, Өөрийг нь эсэргүүцлээ гэсэн өршөөнгүй хэвээр байж, биднийг уучлах юм биш. Эсрэгээрээ Бурхан үг яриа, үйл хэрэг, хөдөлгөөн бүрийг маань байнга шинжилж байдаг. Хэрвээ бидэнд Бурханыг хүндлэх зүрх сэтгэл байдаг бол, хэрвээ бодол болон үйлдэл маань үнэнтэй нийцтэй бөгөөд Бурханыг хангалуун байлгаж, Түүнд дуулгавартай байх, Түүний хүслийг үнэн сэтгэлээсээ авч үзэхийн төлөө байдаг бол Бурхан биднийг нигүүлсэж, ерөөнө. Хэрвээ бид үнэнийг мэддэг ч хэрэгжүүлэлгүй Бурханы тушаалыг зөрчиж, Түүнийг эсэргүүцэх муу ёрын үйл хийсээр л байж, зан чанарт нь халдвал Бурханы шийтгэл, хараал зүхэл бидэн дээр бууна. Муу ёрын энэ эрин үед уруу таталт, туршилт дэндүү олон бий. Зүрх сэтгэлийг маань Бурханаас холдуулж, Сатаны уруу таталт руу биднийг хөтөлж чадах зугаа цэнгэлийн газар тоо томшгүй олон байдаг. Үнэнгүй бол, ямар ч зөрчлийг хүлцдэггүй Бурханы зөвт зан чанарыг бид мэддэггүй, Бурханыг хүндлэх зүрх сэтгэл бидэнд байхгүй бөгөөд Сатаны олон уруу таталтыг эсэргүүцэхэд маш хэцүү байх болно. Бид Бурханы зан чанарт халддаг үйл хэдийд ч хийж мэдэх юм. Иймээс бид дор бүрнээ Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй байж, үгийг нь байнга дагаж мөрдөн, үг яриа, үйл хэрэгтээ хянамгай байх ёстой. Бид Бурханы зан чанарт халдах зүйл хийхгүйн тулд Соломоны бүтэлгүйтлийг анхааруулга болгон, Бурханы хүслийг үнэн сэтгэлээсээ авч үзэж, Түүний шаардлагыг үргэлж хэрэгжүүлэх ёстой, ингэснээр бидэнд шалгалт тохиолдох үед бид Бурханы хамгаалалтыг хүлээн авч, Түүний нигүүлсэл болон ерөөлийг олж авч болох юм!
No comments:
Post a Comment